Мэдээлэл 2

Мэдээлэл 2
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог агентлагийг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр өнгөрсөн шөнө /2025.03.17/ тус агентлагийн ажлын байранд шалгалт хийж эд, зүйлсийг нь хураан авч, уран бүтээлчдээс байцаалт авсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж буй. Уг үйл явдалтай холбогдуулан Ноорог агентлагаас мэдээлэл хийлээ.
Ноорог агентлагийн уран бүтээлч О.Уламсайхан тэрбээр "Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэсэн. Биднийг өмгөөлөгчтэйгөө уулзуулах боломж олгоогүй. Бидний хувьд өмнө нь арванхоёрдугаар сарын 31-нд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлсэн байгаа юм.
Мөн MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх гэж бодож байна. "Ноорог" бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан.
Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ерөнхийдөө манай кинонд улс төр, хэн нэгэн хүн рүү чиглэсэн агуулга байхгүй.
Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон. Олон нийтийн санхүүжилтээр кино уран бүтээлээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон.
Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс кодыг нь асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон.
Тролл багийн логикийг ойлгохгүй байна. Манайхаас илүү өндөр санхүүжилттэй редакцууд энд байна. Тролл баг ажиллуулна гэдэг ямар том бүтэц шаардагдахыг сайн мэдэж байгаа байх. Манайх шиг цөөхөн хүнтэй газар ажиллуулах боломжгүй” гэлээ
Ноорог агентлагийн өмгөөлөгч Наранцэцэг:
-Иргэнээс гаргасан гомдлын дагуу Ноорог агентлагийн уран бүтээлчдээс мэдүүлэг авч байгаа. Ажлын байр, гар утас гэх мэт эд зүйлд үзлэг хийсэн нь процессийн алдаатай байна. Дээрээс нь оройн 22:00 цагаас эхлэн 7:00 цаг хүртэл нийт найман хүнээс мэдүүлэг авсан.
Сүүлд нэмэгдсэн сургалтууд
Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Мэдээлэл 3
